Эх үрийн холбоо ба хүүхэд хөхөөр хооллох

Б. Долгорсүрэн
2 min readFeb 6, 2021

--

Эх үрийн холбоо гэдэг үнэхээр хүчтэй шүү. Тээж байх явцад хүйгээрээ, төрсний дараа хөхөөрөө холбоотой гэж би боддог. Хүүхэд уйлж эхлэхээс өмнө эхэд хөхөөр дамжиж шууд мэдрэгддэг гэвэл төрөөгүй хүүхнүүд, эрчүүд ойлгохгүй худлаа ярьж байна гэх байх даа. Шууд хөх чинэрээд чимчигнээд сүү асгардаг. Үнэхээр сонин шууд босоод хүүгийнхээ өрөөнд ороход сэрж, суниаж, хөхөө эрэн уйлж эхэлж байдаг. Энэ бол эх үрийн нандин холбоо. Дараах хэд хэдэн үндэслэлэр би хүүхдээ хөхөөрөө хооллохыг 100 хувь дэмждэг.

Хором.com -c зургийг нь ашиглалаа. Баярлалаа.

1 — рт хүүхдийн эрүүл мэндэд тустай

Сүүлийн үеийн судалгаанууд хүүхдийг хөхөөр нь хооллох нь зөвхөн хөхүүл үеийн өсөлт хөгжилтөнд төдийгүй ирээдүйн эрүүл мэндэд нь нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Хөхөөр хооллох нь хоол боловсруулах замын зарим архаг өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, зүрхний эмгэг зэргээс урьдчилан сэргийлдэг. Хөхөө хөхүүл. Өөрийн гоо сайхан, цаг заваа бодоод шууд хүүхдээ нэмэлтээр угжаад байгаа бүсгүйчүүдийг би ойлгодоггүй.

2 — рт хүүхдийн сэтгэлзүйд тустай

Хоёр нас хүртлээ хөхөө хөхсөн хүүхэд хайрлах энэрэх сэтгэлтэй, сэтгэл зүйн хувьд тогтвортой хүн болж төлөвшдөг. Нярайн тархины хөгжилд маш сайн нөлөөтэй. Сайн хүүхэд, сайн хүн болгож хүмүүжүүлье гэвэл ээж та, хүүдээ охиндоо хөхөө хөхүүл.

3 — рт эхийн эрүүл мэнд, сэтгэл санаанд тустай.

Хүүхдээ хөхүүлэх нь ээжид ч мөн ач тустай. Хүүхдээ хөхүүлснээр эхийн сав амархан агшиж хэвийн байдалдаа орно, жирэмсэн үеийн жингийн нэмэгдэл амархан арилна, мөн хүүхдээ удаан хөхүүлбэл хөхний хортой хоргүй хавдрыг бууруулна гэсэн таамаглал ч байна. Би бол хөхүүлэх тусам жингээ хурдан хасдаг. Дээр нь амтархан хөхөө хөхөж байгаа хүүгийнхөө хөөрхөн нүд, хөөрхөн хошуу, хөөрхөн бүхнийг хараад сэтгэл санаа ямар гоё өөдрөг болдог гээч. Та өөрөө сүүгээ хайраа өгч байж, буцааж асар их хайр авна. Зүгээр л хүүхдээ хөхүүл.

4 — рт өрхийн санхүүд тустай

Нярай хүүхэд эхний сардаа хоногт 600–700 мл сүү иднэ. Цаашлаад 6 сар хүрэхэд сүүний хэмжээ хоногт 900 мл болж нэмэгдэнэ. Тэгвэл энэхүү сүүний хэрэгцээг орлуулах бүтээгдэхүүн зах зээл дээр ямар үнэ ханштай байгаа билээ. Сайн бод. Дахиад хэлье ядаж 6 сар хүртэл нь хүүхдээ хөхөөр хоолло.

5-рт өөртөө гаргах цаг завтай болоход тустай

Ээж та л хүүхдээ хөхүүлж байгаа учраас түүний хоолны дуршлыг сайн мэднэ. Хүүхэд тайван, сайн унтаж, уурлаж аашлахгүй байгаа бол хөхөндөө цадаж, хангалттай сүү хөхөж байна гэсэн үг. Хүүхдээ урт удаан тайван унтах хооронд та ч унтах, ажиллах, дуртай зүйлээ хийх цаг зав гарна. Тийм болохоор хөхөө сайн хөхүүл.

Мөн хүүхэд эхийнхээ хөхийг хөхөснөөр ээж, хүүхэд хоёрын хооронд дотоод нарийн нандин холбоо улам батжих увидастай. Хүүхэд тань таны энгэрт наалдан хөхөснөөр хайр халамж, хамгаалагдсан байдлыг мэдэрч өдөр ирэх тусам өөртөө бие бялдар, сэтгэлзүй, эрүүл мэндийн хувьд өсөн торних болно. Амжилт, хүүхдээ хөхөөр хооллоцгооё.

2021/02/06 Улаанбаатар хот

--

--

No responses yet